Хүмүүс бие биеэ олж, нөхөрлөн хамтран хөгжил өөд тэмүүлдэг амьдралын жам, бурханы заасан гэрэлт зам манайг энэ сургуультай ажил, амьдралаа холбох боломжийг өгсөн гэж бодож, тэр боломжийг биелэл болоход тусалсан сургуулийн захирал Ж.Батсүхдээ талархаж явдаг даа.
Би чинь Өмнөговь аймгийн уугуул, дээд сургууль төгсөөд нутагтаа 10 гаруй жил ажиллаад ТЗУХИ-ийн Боловсролын удирдлагын анхны ангид суралцахдаа захирал Ж.Батсүх, Хөтөлбөр, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Н.Туул, багш Б.Алимаа, С.Баярцэцэг зэрэг гялалзсан хүүхнүүдтэй хамтран суралцаж танилцсан нь одоогийн энэ сайхан нөхөрлөл, хамтран ажиллаж, амьдрах эхлэл минь болсон нь юутай их аз завшаан билээ. Тэр үед захирал Ж.Батсүх сургуулийг удирдах, хамтран ажиллах шинэ баг бүрдүүлж байсан үе. Яагаад ч юм захирал намайг олж хараад, хамтран ажиллах санал тавьсан тэр үеэс одоог хүртэл “Сэрүүлэг” гэсэн нэгэн тогооноос хоол идэж, түүний хөгжлийн төлөө хамтран зүтгэж 13 жилийг ардаа орхижээ. Ингээд бодохлоор энэ сургууль миний амьдралын нэгэн салшгүй хэсэг болжээ.
Тэр үед сургууль маань одоогийн дотуур байр байгаа байранд дөнгөж орсон байсан. Бид ТЗУХИ-д суралцаж байхдаа ямар нэгэн хувь зохиол л байсан байх нэг баг болдог.Тэгээд багийн даалгавар гүйцэтгэхийн тулд Сэрүүлэг дээд сургууль дээр ирж шөнө дөл хүртэл суудаг байлаа. Төгсөх дөхөж байсан тэр үед захирал Ж.Батсүх намайг дуудаж Н.Туул багштай гурвуулаа хамтран ажиллах санал тавиад сургуулийнхаа хөгжлийн ирээдүйг зөгнөн ярьж байсан нь саяхан мэт. Залуу хүний тэр их гэгээлэг хүсэл мөрөөдөл, итгэл дүүрэн байдал нь намайг энэ сургуультай хувь заяагаа холбох замыг заасан юм. Тэр хүсэл мөрөөдөлд бид алхам алхмаар хүрч байгаадаа сэтгэл дүүрэн байдаг. Ажилд ороод 2 хоног л болж байсан санагдана. Нэг их бороотой өглөө ажилдаа ирэхдээ автобусаа андуурч суугаад шал ус болсон хүн захирлын туслахын өрөөнд усаа гоожуулаад зогсож байгаад одоогийн Удирдах зөвлөлийн дарга захирлын маань хань Т.Баасанцогтой анх танилцаж байсан нь хувьтай хүмүүс хур борооноор л уулзан учирч байсан мэт санагдаж билэгшээж явдаг аа.
Анх математик, хүний нөөцийн менежмент, төслийн менежмент зэрэг хичээлүүдийг зааж дээд сургуулийн багшийн гараагаа энэ л төрөлх сургуулиасаа эхэлсэн. Менежментийн хичээлүүд математик заахаас нэлээд өөр. Лекцээ өргөн хүрээтэй, сайн л бэлтгэж орохгүй бол ярих зүйл олдохгүй зогсчих гээд тун хэцүү санагддаг байлаа. Тэгтэл оюутны зөвлөлийн гишүүдтэй уулзалт ярилцлага хийх болж тэр уулзалтан дээр 3, 4 дүгээр курсийн оюутан танаас менежментийн талаарх шинэ шинэ олон зүйлийг бид мэдэж авсан гээд л ярихад түүн шиг магтаал өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй мэт санагдаж байж билээ. Тэгж надад багшлах их хүслийн даль жигүүр ургуулсан 1998, 1999 оны төгсөгчиддөө баярлаж, талархснаа энэ дурсамжаараа дамжуулан илэрхийлье.
1998 – 1999 оны хичээлийн жилд бид тус сургуульд орсныхоо анхны гарын шавь нараа угтан авсан. Би бизнесийн менежментийн 1-Г ангийг даан авч билээ. Ангийн анхны хурлаа хийж ангийн дарга сонгохоор санал авахад жижигхэн цагаан охин “Би дарга больё” гэж өөртөө их итгэлтэй, зоригтой гарч ирсэн нь сүүлд Сэрүүлэг дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга болж, тус сургуулийн оюутны зөвлөлийг бие даасан, тогтвортой үйл ажиллагаатай жинхэнэ оюутны зөвлөл болгож чадсан Б.Оюунцэцэг байлаа. Тэр ангид орсон хүүхдүүд анхлан танилцаж байгаа мөртлөө л эртний андууд мэт бие биедээ илэн далангүй байж даргаа сонгосон. Сайн дарга ангийг зөв л авч явдаг шүү дээ. Миний дааж төгсгөсөн тэр анги урлагтай, сурлагатай, спорттой гайхамшигтай хүүхдүүд байсан. Б.Оюунцэцэг 7 хоног бүр л нэг сонин ажил сэдээд хийсэн байх. Хамгийн хөөрхөн, хамгийн эрч хүчтэй, гээд л хамгийн хамгийн ... бүхнийг шалгаруулан ангийхнаа хөгжүүлнэ. Тэр анги маань урлагийн үзлэгийн 2 удаагийн, цэнгээнт бүжгийн анхны аварга анги, спортын шилжин явах цомыг 3 жил хадгалсан, Сэрүүлэг дээд сургуулийн анхны “Шилдэг анги”, Б.Оюунцэцэг маань “Шилдэг оюутан” гээд юм бүхэнд шилдэг нь байсан. Энхзаяа, Оргилтуяй, Эрдэнэханд, Доржсүрэн, Сүхболд гээд л шартай гэж аргагүй хүүхдүүд байж билээ. Энхзаяа маань сагс сайхан тоглоно. Нэг удаагийн тэмцээн дээр хөлөө гэмтээгээд гишгэхэд нь их л зовиуртай байж билээ. Шийдвэрлэх тоглолт байсан болохоор суух эрхгүй. Доголон хөллөөд л, заримдаа өвдөлтөө ч мартан зүтгэж аваргын цом авч байсан түүхтэй. Тийм зүтгэл, хамт олны төлөө гэсэн сэтгэл нь миний шавь нарыг сайн сайхан явахад нь ивээж байдаг байх аа. Та нараараа багш нь байнга бахархаж явдаг шүү.
1998-1999 онд мөн Э.Энхмэнд багш бид хоёр хамтдаа нэг нэг анги дааж авсан. Энэ жилээс эхлэн бид хоёр хамтдаа инээж баясаж, уйлж дуулан өнгөрсөн 13 жилийг өнгөрөөж эгч дүү шиг болжээ. Н.Даваасүрэн багш манай тэнхимд анх орж ирсэн жилээ Мэндээ багш, Жагаа багш хоёр хамтдаа л байвал энэ тэнхмээс инээд хөөр тасрахгүй юмаа. Та хоёр дандаа хамт байж байгаарай гэж билээ. Энэ үг зүгээр нэг хэлсэн үг биш байх. Бид хоёрын эгч дүүсийн, үй зайгүй найзуудын, ижил сайн хамтрагчид болохыг минь үнэлсэн үнэлгээ байсан биз ээ. Бид хамтдаа тухайн жил элсэж орсон ангиудаа аваад Сонгинын амралтанд амарч, оюутнуудтайгаа цасаар тоглож, дискод хамтран бүжиглэж, дуулан хүүхэд нас руугаа дахин очиж байсан сайхан дурсамжийг өгүүлэхгүй өнгөрөх аргагүй. Э.Энхмэнд маань Бизнесийн ухаан гэсэн том өрхийн тэргүүнийг амжилттай сайн хийж явна. Чи бүхнийг чадна, чамаараа бахархдаг шүү.
Сэрүүлэг дээд сургууль шинэ бүхэнд соргог ханддаг хамт олон. Түүний нэг илрэл нь ҮБХТ- тэй 2000 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн явдал. ҮБХТ-өөс бүтээмжийн талаарх үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, ойлгуулахын тулд нэлээдгүй ажлыг хийж байсан. Тэр үед гишүүнээр нь элсэн орж багш нараа сургалтанд хамруулан бүтээмжийн мэргэжилтэн болгож, сургалтын хөтөлбөртөө бүтээмжийн удирдлага, чанарын удирдлагын хичээлүүдийг оруулсан анхны сургуулийн нэг. Мөн боловсролын салбараас анх удаа “Бүтээмжийн үндэсний шагналт” сургууль. Энэ үйл явц ч миний амьдралтай салшгүй холбоотой. ҮБХТ- өөс зохион байгуулсан “Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх сургалт”-нд анх миний бие суралцаж, бүтээмжийн талаарх анхны ойлголтоо авч байлаа. Дараа нь Сингапур, Малайз, Филиппин, БНСУ, Узбекстан зэрэг орнуудад суралцаж, нүдээ нээж, шинэ чиглэлийн мэргэжилтэй болсон нь тус сургуулийн маань надад өгсөн бас нэгэн бэлэг байсан.
2002-2003 оны хичээлийн жилд анхны даасан ангиа төгсгөөд дараагийн шинэ ангиа гардан авсан. Тэр нь бизнесийн менежментийн 1-А анги. Яагаад ч юм миний даан авсан ангийн үе үеийн шавь нар маань их авъяаслаг хүүхдүүд байдаг. Ганбат, Дөлгөөн, Давааням, Бүжээ, Нандиа, Мөнхтуяа гээд л. 2005 оны урлагийн үзлэгээр манай анги тоглолтоо хийгээд хошин шогийн үзүүлбэр үзүүлж байтал үзэгчид чив чимээгүй болсноо нирхийтэл инээлээ. Юу болов оо гээд анхааран хартал Давааням гээд өндөр, туранхай хүү маань охин болон хувцасласнаас гадна ханан дээр яг л зураг мэт наалдчихсан байж билээ. Иймэрхүү хөгтэй явдал энэ ангиар маань дүүрэн. Бас их шогч хүүхдүүд байсан. М.Цэцэгмаа гээд Өвөрхангай аймгийн гаралтай багш байсан. Өвөрхангайн аялгаар их ярих. Талхыг далх, сандаал гэхийг саньдайл гэх. Тэр багш маань ҮҮАМ хичээл орохдоо дандаа талхны үйлдвэрийн жишээ авна. Миний хэдэн шавь нар хичээлээс бусад цагт багш нартайгаа ний нуугүй ярилцана. Тэгээд л М.Цэцэгмаа багшид “багшаа та далхныхаа жишээг дахин нэг тайлбарлаад өгөөч” гээд л. Заримдаа надад оюутныхаа гэр бүлийн хүнд хэцүүг зохицуулах, хуваалцах гээд л өөрөө ч заримдаа мэдэхгүй асуудлууд тохиолдоно. Тэр бүрийд хамтран ярилцаж дэмжих гэж хамтаараа явдаг байлаа. Би шавь нараасаа амьдралын асар их туршлагыг олж авсан даа. Та нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.
2001 оноос Бизнесийн ухааны тэнхмийн эрхлэгчийн ажлыг хашиж эхэлсэн. Тэр үед Эдийн засаг, санхүү, менежментийн тэнхим гэдэг байлаа. 6 – 9 багш ажилладаг байсан. Мягмаржав, Энхмэнд, Мөнхнасан, Энхээ, Чинцэцэг, Оюунчимэг, Мөнхтөр, Батсүх гээд хамтран ажиллаж байсан үе үеийн багш нартаа 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бид хамтдаа байсан учраас Сэрүүлэг дээд сургууль өнөөг хүртэл цэцэглэн хөгжиж ирсэн гэж би бодож үе үеийн ийм сайхан хүмүүстэй гар нийлэн хамтран ажиллаж байснаараа, байгаадаа бахархаж явдаг. Энэ үе миний амьдралын алтан үеүүдийн нэг хэсэг.
Бид хамтдаа 2000 онд сургуулийнхаа анхны магадлан итгэмжлэлд орох нэн хариуцлагатай ажлыг хийж чадсан. Тэр үед анхны шалгуураар номын санг сайжруулах асуудал тулгарч бид 2, 3 өдөр нойр хоолгүй ажиллаж амжилтанд хүрч чадсан. Гэр бүлийнхэн маань хүртэл хоол зөөгөөд л гүйж байсан нь саяхан мэт. Магадлан итгэмжлэлийн зөвлөлийн гишүүд хүртэл их гайхаж байсан гэдэг. Энэ бол манай хамт олны төлөвшсөн төлөвшил, нэгэн зүгт хамтран ажиллаж чаддагын нэгээхэн баталгаа. Бидний ажлыг дэмжиж, ойлгож хамт олны маань нэг хэсэг болж сэтгэл зүрхээрээ дэмжиж байдаг хамт олныхоо гэр бүл, хань ижил, үр хүүхэд аав ээжид нь чин сэтгэлээсээ баярлаж талархаж байдгаа илэрхийлье. Та нарын дэмжлэггүй бол бид хаа хүрэх билээ.
Хөгжлийн чиг хандлага төлөвшиж тогтсныг 2007 онд баталж хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлээ бид авч чадсан. Энэ үед бид аль хэдийнээ хичээлийн шинэ байртай, орчин үеийн дижитал номын сан, компьютерийн болоод мэргэжлийн төрөл бүрийн лаборатори, оюутны дотуур байртай орчин үеийн сургууль болж чадсан байв.
2008 онд “Бизнесийн менежмент” мэргэжлийн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн. Энэ нь бидний хөгжлийг харуулж буй нэг үзүүлэлт. Хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх нөр их ажлыг Д.Баяндалай, Х.Буянтогтох зэрэг доктор профессоруудын үнэтэй сургаал, ажил амьдралын их туршлага, Э.Энхмэнд, М. Цэцэгмаа, Д. Мөнхнасан, Д. Ганцэцэг Н. Даваасүрэн, Б. Нямсүрэн зэрэг эрч хүчтэй залуу багш нарын уйгагүй хөдөлмөр, чин сэтгэл болон суралцаж байсан оюутан залуус, бусад нэгж хэсгүүд, төгсөгчдийнхөө хамтын хүчээр бүтээсэн. Энэ л бидний хөгжлийн үндэс байсан, байгаа, байх ч болно гэж би итгэж сэтгэл дүүрэн явдаг аа. Энэ хамт олны дэмжлэгээр би ахаасаа өмнө “Боловсролын тэргүүний ажилтан” хэмээх хүндтэй цолыг хүртсэн. Миний амжилт бүхний цаана намайг дэмждэг хамт олон, үе үеийн шавь нар маань л байдаг.
Миний ажил амьдралын алтан үе минь болсон Сэрүүлэг дээд сургуульд хамтран ажиллаж, нөхөрлөж, жаргал зовлон бүхнээ хуваалцаж явсан үе үеийн багш, ажилтан, ажилчид, миний амьдралын эрч хүч, энерги болж байдаг шавь нартаа төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойн халуун мэндчилгээг “Хатуу самар” хэмээн нэрлэгдэж явсан та бүхний дотны нөхөр, эгч, найз, багшийн тань зүгээс дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн инээд баясал бүхнийг тэвэр дүүрэн сарнай цэцгийн хамт дээж болгон бэлэглэхийг хүсэж байна.
Сэрүүлгийн оч хүрсэн газар бүхэнд
Сэтгэл дүүрэн амьдрал буцалдагт би бахархдаг
Суу билгийн ордон Сэрүүлэг дээд сургуульд
Сургаал номоо хайрлах хувь заяатайдаа би бахархдаг.
Саруул оюун, бүтээлч эрч хүчээрээ
Сэрүүлгийн нэрийг өргөж яваа
Амжилт бүтээлийн эзэд
Алдар хүндийн оргил шавь нараараа би бахархдаг.
Хатуу зөөлөн хорвоогийн жаргал зовлонг хуваалцах
Халуун дулаан сэтгэлтэй хамт олонтойдоо би бахархдаг.
Идэр залуу насны омогшил дүүрэн оюунд
Илч гэрлийн оч асаагч “Багш” хэмээх алдартайдаа би бахархдаг
Сэрүүлэг дээд сургуулийн Орой, эчнээ сургалт эрхэлсэн захирал М.Жаргалсүрэн
No comments:
Post a Comment