Боловсролын менежер, арга зүйч бэлтгэх 1 жилийн сургалт ТЗУХИ-д 1997 онд нээгдэж, /одоогийн Удирдлагын академи / анхны элсэгчдийн нэг болж орж байсан үед бидний хэдэн нөхөд Ж.Батсүх/ Сэрүүлэг дээд сургуулийн Ерөнхий захирал/ М.Жаргалсүрэн / Орой, эчнээ сургалт хариуцсан захирал/ болон миний бие Сэрүүлэг дээд сургуулийн захирлын өрөөнд / Сэрүүлэг дээд сургуулийн хуучин байранд/ гэрийн даалгавраа хийх гэж хамтран хэлэлцэж, юу сурсанаа багаараа хамгаалж явсан үе тодхон санагдаж байна.
Манай ангийн Ж. Батсүх тухайн үед Сэрүүлэг дээд сургуулийн захирлаар ажиллаж, шинэ байрны засвар хийлгэж байна гээд завгүй гүйдэг байлаа. 1998 онд 1 жилийн сургуулиа дүүргэх үед захирал маань ” Туул багшаа та сургуулиа төгсөөд хаана ажиллах хүсэлтэй байна?” гэж асууж байсан. Би гэр бүлтэйгээ ярилцаад төрийн албанд 13 жил зүтгэлээ, одоо хувийн салбарт хүчээ үзье гэж шийдээд 1998 оны 8 сарын 15- ны өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй 12 жил Сэрүүлэг дээд сургуульд сургалтын албаны даргаас өнөөдөр Хөтөлбөр, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирлын албыг хашиж ирлээ.
Анх ажилд орж байсан цагаас сургуулийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, үндсэн багшаар хангах, хичээлийн хуваарь гаргах, оюутны төрийн сангийн тэгтгэмж, тусламжийн гэрээ байгуулах, статистик мэдээ гаргах, хичээлийн хөтөлбөр боловсруулах, сургалтын үйл ажиллагааг тогтворжуулах, сургуулийн эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллахад ханцуй шамлан орж байсан юм.
Ажлын анхны өдөр Ж.Батсүх захирал үйл ажиллагаандаа баримтлах чиглэлийг дараах байдлаар тодорхойлж ажлыг маань эхлүүлж байлаа. Үүнд:
1. Бакалаврын сургалт явуулах
2. Магистрын сургалт явуулах
3. Хичээлийн цагийн 60% -аас доошгүй хувийг өөрийн сургуулийн багш нараар заалгадаг болох
4. Оюутны дадлагыг үр ашигтай хийх
5. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хянан шинэчилж боловсруулан батлах
6. Зарим хичээлийн хөтөлбөрийг хянан шинэчлэх
Энэ ажлуудыг маань бидний залгамж халаа залуучууд Ж.Оюунгэрэл /Оюутны бүртгэл, мэдээллийн албаны дарга/ Д.Батсүх /Хөтөлбөрийн мэргэжилтэн/ нар залгуулан авч явж байна.
Ажиллаж байсан сургалтын алба маань хөтөлбөрийн алба, Хөтөлбөрийн хяналт – шинжилгээ, үнэлгээний алба болон өргөжиж ахлах багш Ч.Өлзийхишиг тус албыг хариуцлагатай, нэр төртэй хашиж ирлээ.
Сургалтын албаны өдөр тутмын үйл ажиллагааны нэг үндсэн ажил бол оюутныг хөгжүүлэх, тэдэнд тусалж, дэмжих, удирдах, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оюутны бүртгэл, мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн, ахлах багш М.Тунгалаг /тухайн үед сургалтын албаны мэргэжилтэнээр ажиллаж байсан / надтай мөр зэрэгцэн ажиллаж, намайг дэмжиж явсан журмын нөхөр билээ.
Тухайн үеийн боловсролын шинэхэн менежерүүд бид 3 баг болон ажилаж бүтээлч олон ажлуудыг санаачлан гар бие, сэтгэл нийлж гүйцэтгэн, эдгээр ажлуудын ард гарч байсан үе сэтгэлд байнга ойр санагдаж явдаг юм. Энэ ажлууд маань бидний шавь нар, бидний багш нар, ажилтан, ажилчдын маань бие биенээ дэмжин нэгэн үзүүрт сэтгэлээр, дэм дэмэндээ явсаны үр ач гэж үздэг. Та бүгддээ сэтгэлийн угаас баярлалаа гэж хэлье.
Энэ хугацаанд тус сургуульд элсэн суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэн багшлах боловсон хүчний бүрэлдэхүүнд чанарын ахиц, сургалтын агуулгад шинэ шинэ дэвшил гарсаны зэрэгцээ материаллаг орчин нөхцөл орчин үеийн шаардлагыг хангахуйц түвшинд хүрсэн нь Та бидний бахархалыг зүй ёсоор төрүүлж байна.
Даяаршлын эринд тус сургууль сургалтын агуулга чанарыг улам төгөлдөржүүлж олон улсын түвшинд тэнцэхүйц мэргэжилтэн бэлтгэх зорилт тавин ажиллаж амжилтанд хүрнэ гэдэгтээ манай хамт олон итгэл төгөс байна.
20 жилийн баярын мэнд хүргэе.
Хөтөлбөр, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Н.Туул/Доктор, профессор/
2010.11.23
No comments:
Post a Comment