Анхны хичээлээ заах гээд ангидаа орлоо. Дүүрэн оюутнууд миний үйл хөдлөл бүрийг дагуулж харна. Тэр олон хүний өмнө байтугай хэдхээн хүний өмнө нь ч тоотой хэд үг хэлж байсан би нүүр халуу дүүгээд, өвдөг чичрээд л, гар салгалаад их л хэцүү байж билээ. Самбар дээр үг бичнээ далийгаад л дээшээ бичиж өгнө. Журналд нэр бичих гэхээр гар салгалааад л .... Аминдаа тэрнийгээ оюутнууддаа мэдэгдэхгүй санаатай ангийн даргаар нь нэрийг бичүүлж байсан. Энэ бүгдийгээ эргээд санахад их сайхан байна. Миний ордог тэр жил манай сургууль бүтцийн хувьд бүрэн шинэчилэгдэн шинээр зохион байгуулагдаж байсан. Ж. Батсүх захирал ажлаа хүлээн авч, мөн одоог хүртэл ажиллаж буй Н. Туул багш/ ХЭШЭрхэлсэн захирал/, М. Тунгалаг багш / ОБМАлбаны мэргэжилтэн/, М. Жаргалсүрэн багш / ОЭСЭрхэлсэн захирал/, Р. Батбаяр багш /Программ хангамжийн тэнхмийн эрхлэгч/, Н. Батнасан багш /МУИС-ийн ЭШ эрхэлсэн захирал/ нар байсан. Манай захирал олон үггүй, их шудрага, шулуухан зантай хүн байсан нь надад их таалагдаж байж билээ. Дотроо бол захирлаасаа битүүхэндээ их л эмээж байсан болоод ч тэр үү. Энэ сайхан багш нартайгаа өнөөдрийг хүртэл хамтдаа мөр зэрэгцэн ажиллаж, тэднийхээ ажил амьдралын баялаг туршлагаас нь суралцаж байгаадаа миний хувьд их хувь тохиол гэж боддог. Тэр үед шижигнэсэн сайхан хамт олон намайг өлгийдөж авч би хамгийн отгон нь болж байж билээ, насаараа ч тэр, багшлах дадлага туршлагаараа ч тэр. Анх сургуульдаа орсон жил бид тэнхимдээ гурвуулхнаа их том өрөөнд суудаг байсан. Жагаа багш, Батнасан багш бид 3 том том саарал ширээний ард л суудаг байлаа . Одоо бол манай тэнхим нэг өрөөнд батгахааргүй болж хоёр өрөөнд хуваагдаж суудаг болжээ. Энэ олон жилийн хугацаанд олон найз нөхөд, сайхан багш нартай хамтран ажилласан. Тэр дундаас Жагаа багштайгаа /М. Жаргалсүрэн/ нэг өрөөнд их олон жил хамтдаа сууж, хичээл зааж, ер нь л бүхий л хугацаанд хамтран зүтгэж, миний амьдралын салшгүй нэг хэсэг, хамгийн дотны зөвлөгч минь, найз минь, эгч минь болсон.
Би 1998 онд шинэхэн багш байсан болохоор том ангийнхан бас намайг тоохгүй их зан гарганаа. Манай сургууль Энигма төвийн баруун жигүүрийг худалдаж аваад удаагүй байсан тул цэвэрлэгээ хийх ажил оюутнуудад бас оногдоно. Тэр ажлыг нь би шаардлага тавихаар тэр үеийн 3, 4-р ангид сурч байсан оюутнууд намайгаа элэг барьж үгэнд орохгүй ээ. Одоо бодоход инээдтэй ч юм санагдаж байна. Харин тэр үед бол нэг л их уурлаад л эд намайг тоохгүй юм гээд л боддог байсан. Эргээд санахад сайхан үе байжээ.
Хүний амьдралд 13 жил нэг бодлын их урт хугацаа нөгөө бодлын асар богинохон ч юм шиг. Дөнгөж энэ сургуульдаа ирж байсан үе маань өчигдөрхөн мэт санагдаж байгаа нь их л богино хугацаа, гэтэл энэ олон жилийн туршид олон зуун шавь нартаа хичээл зааж төгсгөж, бас гэж ихийг амжуулснаа бодохоор урт хугацаа.
Би багшлах хугацаандаа хоёр ангийг 1-р ангиас нь аваад 4 төгстөл дааж байсан. Миний хоёр анги их сэргэлэн, хичээлдээ сайн, урлаг спортод амжилт гаргадаг, сайн оюутнуудаас бүрдсан ангиуд байсан. 1998 онд хамгийн анхны анги дааж авч ангийн багш болсон. Ангийхан хаана явна Мэндээ багш тэнд л явж байдаг байлаа. Эхлээд Батзул ангийн дарга байсан, сүүлд Ганжаргал маань болж байсан. Манай ангиас Зулаа, Гүрээ хоёр маань нэг жилийн өмнө ангийнханаасаа түрүүлж төгссөн юм. Манай ангийнхан заал авна, хандгайт явж гулгана, хэн нэгнийдээ очино, нэгний маань ар гэрт баяр жаргал болон зовлон гуниг тохиолдох, янз бүрийн тэмцээн уралдаан бүрт л цугтаа явж байдаг байж билээ. Ингэхээр би багш нь биш ангийнх нь оюутан байсан юм шиг. Нэг удаа Сонгины амралтанд бүх курсээрээ явсан минь огт санаанаас гардаггүй юм. Манай ангийнхны нэг курсийнхэн 2-р анги байхдаа дөрвөн анги цугтаа явж байсан. Жагаа багш бид хоёр 4 ангиа хамтад нь аваад явсан. Олуулаа бүгд их сайхан явцгааж, баахан тэмцээн уралдаан зохиож байсан. Цасаар байлдаад л оюутнууд. Ер нь тэр курсийнхэн хоорондоо маш эв найртай ангиуд байсан. ... Анхны ангийхантайгаа Хандгайт явж гулгалаа, Бүгдийнх нь өмд хувцас цасан дээр гулгасаар байгаад нороод сүүлдээ тас хөлдөөд, баахан хөлдүү хүмүүс. Тэрнийгээ хатаах гэж бөөн инээдэм болж байлаа. Маргааш нь ангидаа бүгдийнх нь нүүр час улаан, бэмбийсэн хүмүүс нэгнийгээ шоолоод л, бас зургаа авахуулсан. Одоо хааяа нэг зургаа үзэхээр тэр үе санаанд ороод ганцаараа инээнэ шүү дээ. Энэ ангиа би 1998 оноос 2002 хүртэл дааж, тэдэндээ зөвлөж, тусалж ангиа удирдаж байсан. Дараа нь 2004 онд удаах ангиа дааж авч 2008 онд төгсгөсөн. Энэ анги маань Сургуулийн шилдэг ангиар шалгарч, ер нь их сурлага, нийгмийн идэвх сайтай оюутнуудаас бүрдсэн сайхан хамт олон байсан. Ангийн дарга Түвшөө гэж сэргэлэн гэж жигтэйхан хүүхэд байсан. Манай энэ ангийнхан бөөн нийгмийн идэвх. Оюутны зөвлөлийн удирдах зөвлөлд бараг 3 оюутан байлаа шүү дээ. Энэ ангитайгаа бас их хамтдаа явж байсан. Гэхдээ өөрөө нас нэмээд томоожсоных уу, багш болж төлөвшсөнийх үү бас бүх юманд нь явж байгаагүй юмдаг. Төгсгөсөн хоёр ангийнхан гээд бодохоор яг л миний хамгийн дотны найзууд шиг минь санагддаг юм.
Анх үндсэн багш нар маань 10 хүрэхгүй тоонд багтдаг байсан тул ямар нэг ажил зохион байгуулахад их эвсээрхэн байж. Харин одоо манай хамт олон гурван тэнхим, албадууд, мэдээллийн төвтэй нийлээд 60 гаруй багш ажилтан албан хаагчидтай өнөр хамт олон болсон. Би хамт олноороо их бахардаг. Бүгд л сургуулийнхаа төлөө, улс орондоо сайн боловсон хүчин гаргаж өгөхийн төлөө, мөн суралцагч оюутнуудынхаа төлөө үнэн сэтгэл зүрхээрээ ажилладаг тийм л сайхан хамт олон. Ийм сайхан хамт олонтой ажиллаж байгаагаараа би найзууддаа бахархах дуртай. Аав минь хорвоог орхиод сэтгэл минь хоосроод хэцүүхэн байх тэр үед минь миний л хамт олон хажууд минь байж, сэтгэл санааны дэм өгч, сэтгэлийн хаттай байх итгэлийг өгч наддаа их түшиг болж байсан. Би ийм л сайхан хамт олонтой хүн....
Миний хувьд сургуульдаа олон жил үр бүтээлтэй ажилласныг минь манай хамт олон үнэлж олон гавьяа шагналаар шагнуулж байсан. Энэ дундаас “Боловсролын тэргүүний ажилтан” гэдэг хүндтэй цол тэмдгээр шагнуулсан маань миний амьдралд тохиолдсон хамгийн баяртай мөчүүдийн нэг маань байсан. Шагнал гэдэг хүнд сайхан урам өгч, цаашид ихийг хийж бүтээх их тэмүүллийг өгдөг юм билээ.
Миний хувьд тэнхмийн багш нар маань илүү дотно. Манайхан чинь хаана л явна хамтдаа ажиллаж байдаг болохоор нэгнийхээ ааш аяг, амьдрал ахуйг сайн мэднэ. Манайхан гэхээр М. Жаргалсүрэн багш, Х. Буянтогтох багш, М. Цэцэгмаа багш, Д. Мөнхнасан багш, Н. Даваасүрэн багш, Д. Ганцэцэг багш, Б. Нямсүрэн багш гээд олон жил хамтдаа нэг тэнхимд сууцгаасан багш нар, мөн Б. Алимаа багш, Б. Болормаа багш, Б. Энхбаяр, багш, Б. Байгалмаа багш, С. Наранбаатар багш, Д. Цацрал багш нартайгаа одоо нэг тэнхимд мөр зэрэгцэн хамтран ажиллаж байна. Бид орон нутгийн эчнээ сургалтуудаар баг болж явсаар олон жилийг ардаа орхижээ. Тэр бүгдэд их сайхан байдаг. Ер нь хүний сайныг ханилан байж мэднэ гэдэгсэн дээ. Би тийм л хүмүүний дээд болсон хүмүүстэй гар хөл нийлүүлэн ажиллаж байна даа. Миний амьдралын өнгөрсөн 13 жилийн хором мөч бүхэн энэ сургууль, энэ хамт олон, мөн жил жилийн оюутнуудтай холбоотой байсан. Ер нь миний амьдрал энэ сургуульгүйгээр төсөөлөгдөж байгаагүй. Цаашид ч Сэрүүлэг сургуулийн түүхийг үргэлжлүүлэн бичилцэхэд өөрийн хүч чадлыг дайчлан ажилласаар л байх болно......
Эрдмийн уурхай болсон сургуулийнхаа 20 жилийн ойн баярын мэндчилгээг хамт ажиллаж байсан нийт эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид, мөн одоо суралцаж буй оюутан залуус та бүхэндээ хүргэхийн ялдамд, та бүхний минь бодож санасан үйлс бүхэн тань дэлгэрч байхын ерөөлийг дэвшүүлье.
No comments:
Post a Comment